Ажлын хэсэг 3
Голын экологи, сав газрын менежмент

Гуравдугаар ажлын хэсгийн хүрээнд загвар бүс нутгийн усан орчны экологийн нөхцлийг тодорхойлж, сав газрын менежментийн төлөвлөгөөг боловсруулах юм. Голын экологийн үнэлгээг хийхдээ физик, химийн үзүүлэлтүүд болон биологийн бүрэлдэхүүн хэсгүүд (үүнд голын ёроолын макро сээр нуруугүйтэн, загас болон цахиурт замгийн бүрдлүүд хамаарна)-ийн онцлог байдлыг авч үзнэ. Түүнчлэн голын усны эрүүл ахуйн үзүүлэлтийг үнэлэхдээ колийн бүлгийн бактерийн хөгжлийн судалгааг ашиглана. Дээр дурдсан голын усны чанарын үзүүлэлтийг илэрхийлэх өгөгдлүүдийг цуглуулах хээрийн судалгааг судалгааны бүс нутагт олон давталттай хийх бөгөөд үргэлжлэх хугацаа нь зарим тохиолдолд хэдэн долоо хоногоор үргэлжилнэ. Хээрийн судалгаагаар цуглуулсан мэдээллүүдийг ашиглан голын усны чанарын экологийн нөхцөл байдлын үнэлгээг хийж, голын экосистемд нөлөөлж буй нөлөөллийг тодорхойлно. Тухайлбал, усны физик- химийн чанарын нөлөөлөл, гидроморфологийн болон гидравлик өөрчлөлтийг газар ашиглалтын мэдээлэлтэй холбон авч үзнэ. Судалгааны үр дүнд тодорхойлогдсон нөлөөллүүдэд үндэслэн мониторингийн хөтөлбөрийг боловсруулах ба хөтөлбөрийн хүрээнд усны чанар, экологийн нөхцөл байдлыг урт хугацаанд үнэлэх юм. Экологийн нөхцөл байдлын өөрчлөлтийг таамаглахын тулд бид тоон симуляцийн аргыг ашиглах ба үүнд төрөл бүрийн менежментийн сценариог авч үзнэ. Энэхүү судалгаанаас гарах үр дүнг, бусад ажлын хэсгүүдээс гарах үр дүнтэй нэгтгэн авч үзсэнээр сав газрын менежментийн төлөвлөгөөний шинжлэх ухааны үндэслэл болох юм. Гуравдугаар ажлын хэсгийг ХБНГУ-ын Касселийн Их Сургуулийн харъяа Хүрээлэн буй орчны системийн судалгааны төвийн INTEGER тэнхмийн судлаачид удирдан зохион байгуулж байгаа болно.


Төслийн багийхан болон сургалтанд оролцогчид, Хараа голын хээрийн судалгаа, 2007 оны 5 дугаар сар
Тус ажлын хэсгийн үйл ажиллагаа

2006 оны 9 дүгээр сар
  • Төслийн бүс нутагт хээрийн судалгааг эхлүүлж, голын үндсэн гулдирал болон цутгал голууд дээр судалгааны нийт 20 цэгийг сонгон тогтоосон.
  • Усны чанарын хэмжилтүүдийг гүйцэтгэж, гидроморфологийн зураглалыг боловсруулан, экологийн үнэлгээний дээж материалыг цуглуулсан. Экологийн статусыг тодорхойлох биологийн үндсэн индикатор болгон голын ёроолын макросээрнүруугүйтэн, загас, цахиурт замгийг авч үзэхээр болсон.
  • Авлюшийн Саулегүлийн Докторын судалгааны ажлыг эхлүүлж, судалгааны ажлын ерөнхий дизайныг гаргасан. Судалгааны ажлын сэдэв: Хараа голын зарим макросээрнуруугүйтний амьдралын эргэлтийн стратеги.
  • Хараа голын сав газрын дэд сав газар болох Шивэртийн голын хөндийд цаг уурын станцыг суурилуулсан.
  • Хараа голын адаг орчимд усны түвшин болон усны температур хэмжигч логонуудыг суурилуулсан.
  • Сургалтын үйл ажиллагаа: Монгол Улсын Их Сургууль дээр “Биостатистикийн суурь ойлголт” сэдэвт 2 өдрийн сургалтыг зохион байгуулсан ба нийт 10 оюутныг хамруулсан.



Хараа голын сав газар ба экологийн мониторингийн судалгааны цэгүүдийн байршил


2007 оны 5 дугаар сар
  • Касселийн Их Сургууль, МУИС болон ШУТИС-ийн нийт 20 орчим судлаачдаас бүрдсэн экспедиц хээрийн судалгааны ажлыг сав газарт гүйцэтгэсэн.
  • Судалгааны үеээр Хараа, Ерөө голын сав газарт судалгааны нийт 20 цэгт усан орчны стандарт хэмжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Судалгааны харьцуулах цэгийг Ерөө голын сав газарт сонгосон бөгөөд 2006 оны 9 сард сонгосон цэгүүд дээр нэмж шинээр 2 цэгийг сонгосон.
  • Голд суурилуулсан автомат хэмжилтийн багаж болох логонуудаас усны түвшин болон температурын өгөгдлийг хүлээн авсан.
  • Тус сав газрын өмнөд хэсэгт 2 дахь цаг уурын станцыг суурилуулсан.
  • “Гол, горхины экологийн судалгааны арга зүй” сэдэвт 4 өдрийн хээрийн сургалтыг MOLARE судалгааны төвтэй хамтран зохион байгуулсан ба нийт 12 оролцогч хамрагдсан.
  • Улаанбаатар хотод хамтран ажиллагч их сургуулиудад Prof. Dr. D. Borchardt “Нуур судлалын үндсэн ойлголт”, “Усны Нөөцийн Менежмент” сэдэвт лекцүүдийг уншиж, танилцуулсан.
  • Судалгааны ажлын талаарх баримтат киног ARTE телевизийн суваг хийж гүйцэтгэсэн.
  • Штутгартын Их Сургуулийн оюутан Senta Berner Хараа голын морфологи, гидрологийн судалгааны ажил гүйцэтгэж, уг сэдвээр 2007 оны 10 сард магистрын зэрэг хамгаалсан.
  • Уг ажлын хэсгийн хүрээнд Сүрэнхоролоогийн Пүрэвдорж докторын судалгааны ажлаа эхлүүлсэн. Судалгааны ажлын сэдэв “Монгол орны хойд хэсгийн голын сав газруудын макрозообентос болон загасны идэш тэжээлийн харилцаа холбоо: Хүний хүчин зүйлийн нөлөөлөл”


2007 оны 8/9 дүгээр сар
  • Хараа, Ерөө голын сав газарт хээрийн судалгааг гүйцэтгэсэн.
  • Усан орчны стандарт хэмжилтийн хөтөлбөрийг сонгон авсан 20 цэгт давтан хийсэн.
  • Баклаврын курсын оюутан Х.Чантуу МоМо төслийн хүрээнд баклаврын судалгааны ажлаа эхлүүлсэн. Судалгааны ажлын сэдэв: Cobitis melanoleuca-ийн амьдрах орчны сонголт ба түүний ёроолын субстратын механик бүрэлдэхүүн, ёроол орчмын усны урсгалаас хамаарах байдал.
  • Усны түвшин, температурын логоны хэмжилтийн үр дүн болон цаг уурын 2 станцаас өгөгдлийг хуулж авсан.


2008 оны 2 дугаар сар
  • Германы талын төслийн хамтрагч нарын уулзалтыг Кассел хотод зохион байгуулсан.
  • МоМо төслийн ажлын хэсгүүдийн үр дүнгийн талаар дүгнэлт хийж, хэвлэлийн мэдээг бэлтгэсэн ба уг хэвлэлийг Герман, Монгол талын төслийн хамтрагч нар, Монгол улсын Төрийн захиргааны төв байгууллагын удирдлагуудад хүргүүлсэн. Уг хэвлэлийн мэдээг МоМо төслийн цахим хуудаснаас татаж авах боломжтой.


2008 оны 3 дугаар сар
  • Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Яам (тухайн үеийн нэрээр), Барилга Хот Байгуулалтын Яам, Байгаль Орчин Аялал жуулчлалын Яам (тухайн үеийн нэрээр), Усны газар, Усны Үндэсний Хороо, ХБНГУ-ын Элчин сайдын яам зэрэг байгууллагуудтай уулзалтыг зохион байгуулсан ба уулзалтын хамгийн чухал сэдвүүдийн нэг нь Усны нөөцийн нэгдсэн менежментийн стратегийг боловсруулах, сценарийг гаргах талаар байлаа.


2008 оны 4/5 дугаар сар
  • Усан орчны стандарт хэмжилтийн хөтөлбөрийг давтан явуулав.
  • Нэмэлтээр хүнд металлын судалгаанд зориулан Хараа голын дэд сав газар болох Бороо голд тархсан загасны эдийн дээжлэлтийг гүйцэтгэсэн.
  • МоМо төслийн хүрээнд баклаврын оюутан Э. Золжаргал судалгааны ажлаа эхлүүлсэн бөгөөд сэдэв: Хараа голын макросээрнуруугүйтний дрейфт буюу зөөгдөх үзэгдэл
  • Улаанбаатар хотын орчимд Туул голд төслийн Нэгдүгээр ажлын хэсэгтэй хамтран хээрийн сургалт, семинарыг зохион байгуулсан. Сургатын сэдэв: Гидрологи, газар ашиглалт болон хэрэглээний нуур судлал байв.


2008 оны 5 дугаар сарын 20-22
  • МоМо төслийн үйл явцыг танилцуулах хурлыг Улаанбаатар хотноо төслийн 3-р ажлын хэсэг, Улаанбаатар хот дахь төслийн оффис зохион байгуулсан. Хурлын үеэр төслийн ажлын хэсгүүдийн хамгийн сүүлчийн үр дүнг танилцуулсан ба Монголын талын төслийн хамтрагчид, Яамдууд болон бусад сонирхогчдын нийт 80 гаруй оролцогч уг хуралд оролцсон.


2008 оны 6 дугаар сар
  • Хурлын үйл ажиллагааг эцэслэж, хурлын үеэр хэлэлцүүлсэн илтгэлүүдийг нэгтгэж, төслийн цахим хуудсанд байршуулсан.
  • 10 өдрийн экспедицийг төсөл хэрэгжиж буй бүс нутагт Монголын талын төслийн хамтрагчид докторантур оюутнуудын хамт зохион байгуулав. Экологийн мониторингийн дээжлэлтийг хийсэн.


2008 оны 7 дугаар сар
  • 10 өдрийн экспедицийг төсөл хэрэгжиж буй бүс нутагт Монголын талын төслийн хамтрагчид докторантур оюутнуудын хамт зохион байгуулав. Экологийн мониторингийн дээжлэлтийг хийсэн.


2008 оны 8 дугаар сар
  • Хараа, Ерөө голын сав газарт хээрийн судалгааг үргэлжлүүлж, усан орчны стандарт хэмжилтийн хөтөлбөрийг давтан явуулсан ба гидроморфологи, усны чанар, биологийн үнэлгээний ажлыг давтан гүйцэтгэсэн.



Хараа голын сав газарт сонгоон авсан хэмжилтийн цэгт гидроморфологийн хэмжилт хийж буй байдал